Back

YSDL 2019 хөтөлбөрийн оролцогчдын сэтгэгдлүүд

October 20, 2022

Глобал Шэйпэрс Улаанбаатар Нийгэмлэгээс “Тогтвортой Хөгжлийн Залуу Манлайлагч” буюу “Young Sustainable Development Leaders (YSDL)” хөтөлбөрийн 2019 оны оролцогчдын сэтгэгдлийг хуваалцаж байна.

НҮБ-аас 2030 он хүртэлх дэлхийн улс орнууд, хүн төрөлхтний гэрийн даалгавар болгон дэвшүүлээд буй “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын талаарх олон нийтийн мэдлэг, мэдээлэл, боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээр өөрсдийн эргэн тойрон, хүрээлэн буй орчиндоо нөлөөлөл үүсгэж чадах элч-манлайлагчдийг бэлтгэх нь энэхүү төслийн гол зорилго юм. Тулгамдсан асуудлыг тодорхойлж, шинэлэг шийдлийг боловсруулсан 2022 оны төслийн багт төслөө хэрэгжүүлэх 3,000,000 төгрөгийн гарааны санхүүжилт олгоно.

Хөтөлбөрийн 2019 оны оролцогч Э. Тэмүүлэн

Хөтөлбөрт хамрагдахыг давуу тал юу вэ?
Төсөлд хамрагдах богино хугацаанд хамтран оролцогчид, зочин илтгэгчид болон менторуудын гээд маш олон гайхалтай хүмүүстэй танилцаж, тэдний түүх, ур чадвар, хүсэл сонирхлоос нь давхар суралцах боломжтай байдаг нь хамгийн том давуу тал.

Хэрхэн таны амьдралд эергээр нөлөөлсөн бэ ?
Өнөөгийн намайг бүтээхэд асар том үүрэг гүйцэтгэсэн олон хүмүүстэй энэ хөтөлбөрөөр дамжуулж танилцсан. Тэдгээрийн нэг нь хамгийн анхны ажлын маань захирал Б.Энхжаргал (ментор) юм. Хүн өөрөө идэвх санаачилгатай, аливаад чин сэтгэлээсээ хандаж чадвал боломжууд үргэлж нээлттэй байдгийг ойлгуулсан.

Таны мэргэжлийн ур чадварт хэрхэн нөлөөлсөн вэ?
Хамгийн энгийн боловч төдийлөн хэрэгтэйг нь анзаарч байгаагүй ур чадваруудад суралцсан. Жишээ нь: өөрийн санаагаа бусдад ойлгомжтой, итгэл үнэмшилтэйгээр ойлгуулах ур чадвар.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар мэдлэг хэр нэмэгдэж чадсан бэ?
ТХЗ бүр хоорондоо уялдаа холбоотой бөгөөд бидний өдөр тутамд хийж буй жижиг үйлдэл маргаашийн том үр нөлөөг бүтээж байдгийг ойлгосон.

Хөтөлбөрийн 2019 оны оролцогч Б. Лхагвацэрэн

Хөтөлбөрт хамрагдахын давуу тал юу вэ?
Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэж нэрлэж болох Тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхой түвшинд хэрэгжүүлэхийн төлөө хүн бүр жижиг гэлтгүй зүйлийг хийх хэрэгтэй гэж боддог. Тиймээс гэрийн даалгавраа хийхийн тулд энэ талаар мэдлэг, мэдээлэл хуримтлуулж, түүнийгээ хэрэгжүүлэх хүрээллийг бий болгох нь хамгаас чухал. Би энэ хөтөлбөрт оролцсоноор ТХЗ-уудын талаар суурь ойлголтоо улам бэхжүүлснээс гадна танилын хүрээллээ тэлж, багаар ажиллах чадвараа сайжруулж чадсан. Манай багийн хувьд Тогтвортой хөгжлийн 2-р зорилт болох “Өлсгөлөнг зогсоох” зорилтын хүрээнд “Бидний гал тогоо” төслийг санаачилсан. Хэдийгээр манай төсөл шалгараагүй ч гэсэн өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй нийгмийн чухал асуудалд шийдэл эрэлхийлж чадсандаа маш их талархдаг. Мөн хөтөлбөрийн туршид залуу мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон Шейперсүүд ментороор ажилладаг тул тэднээс олон хэрэгтэй бөгөөд чухал ур чадварыг сурдаг гэдгийг дурдмаар байна.

Таны амьдралд хэрхэн эергээр нөлөөлсөн бэ?
Хөтөлбөрт оролцох хугацаанд би Unread Media компанид ажилладаг байсан. Манай байгууллага “Тогтвортой хөгжил”-д онцгойлон анхаарч энэ чиглэлээр олон төрлийн контент бэлтгэн уншигчдад хүргэдэг байсан. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор тогтвортой хөгжлийн талаар мэдлэг, мэдээлэл хуримтлуулснаас гадна салбар бүрийн чадварлаг залуустай нетворкинг үүсгэж, Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгийн менторуудаас soft skill-үүдэд суралцаж, өөрийгөө цэнэглэсэн.

Таны мэргэжлийн ур чадварт хэрхэн нөлөөлсөн вэ?
Багаар ажиллах, төсөл боловсруулах, ажлын ярилцлагад бэлдэх, CV/Resume бэлтгэх зэрэг ур чадваруудад суралцсан. Энэ хөтөлбөрөөс суралцсан олон зүйлс цаашдын карьер төлөвлөх, их сургуулиа дүүргэхэд маш их хэрэг болсон.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг хэр нэмэгдэж чадсан бэ?
Шинэ тутам чиг хандлага хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн эрин зуунд мэргэжилтнүүдээс Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар арвин мэдлэгийг хуримтлуулж чадсан. Нэн ялангуяа манай багийн төсөл нь “Өлсгөлөнг зогсоох” зорилгын талаар судалгаа хийж, эмзэглүүлэм зүйлстэй ч их таарсан. Иймд, үл анзаарч болох энэ сэдвийн талаар хүн бүр мэдлэгтэй байгаасай гэж хүсэж байна.

Хөтөлбөрийн 2019 оны оролцогч О. Оюундалай

Хөтөлбөрт хамрагдахын давуу тал юу вэ?
Уг төсөлд хамрагдсанаар багаар хамтран ажиллаж, цаашлаад нийгмийн асуудлыг хэлэлцэж, шийдэл олох боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл, нийтийн сайн сайхны төлөөх харах өнцгийг өөрчлөөд зогсохгүй боловсролтой иргэн байхад дэм болсон. Мөн төслийн ментор болон багийн гишүүдээсээ салбар бүрийн мэдлэг авч, харилцан суралцах боломжийг нээсэн.
Хэрхэн таны амьдралд эергээр нөлөөлсөн бэ ?
Хүн өөрийнхөө хүч чадлаар, оюун ухаанаар асуудалд хандана гэдэг оюуны эрх чөлөөтэй байгааг илтгэх төдийгүй агуу их тансаглал юм. Төслийн тэмцээнд оролцож, өөрийн санаа бодлоо уралдуулснаар цаашид илүү их үнэ цэнэ бүхий зүйлийг хийх итгэлийг авсан. Дээр дурдсанчлан зөвхөн амин хувиа хичээх биш нийтийн сайн сайхны төлөө ажиллах ач холбогдлыг таниулж, дэвшилтэт үзэл санаатай иргэн байх сэдлийг төрүүлсэн.
Таны мэргэжлийн ур чадварт хэрхэн нөлөөлсөн вэ?
Ажлын байранд олон ур чадвар шаардлагатай байдаг. Жишээлбэл, илтгэх ур чадвар, тайлан бичих, багаар ажиллах гээд нэрлэж болно. Энэ бүх ур чадварыг эзэмшихэд тодорхой хугацаа, практик шаардлагатай бөгөөд төсөлд оролцсоноор тодорхой хэмжээний ур чадварыг эзэмших практик ач холбогдолтой байсан.
Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар мэдлэг хэр нэмэгдэж чадсан бэ?
YSDL хөтөлбөрийн хүрээнд тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилтыг хангахад хувь нэмэр оруулах үүднээс “Өдөн цүнх” төслийн санаачлан шилдэг төслөөр шалгаран санхүүжилт авсан. Цаашид ч энэ чиглэлд ажиллах төлөвлөгөөтэй байсан учир тогтвортой хөгжлийн зорилтыг сайн судлах шаардлага үүссэн ба төслийн явцад харьцуулан судалж, мэдлэгээ нэмэгдүүлсэн.

Хөтөлбөрийн 2019 оны оролцогч Д. Учрал:

Хөтөлбөрт хамрагдахыг давуу тал юу вэ?
YSDL хөтөлбөрт хамрагдсанаараа Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар мэдлэг ихээхэн нэмэгддэг бөгөөд тухайн зорилтуудын хүрээнд өөрсдийн төслийг бичиж, менторуудаас олон талын зөвлөгөө, мэдээлэл авдаг.
ТХЗ-2030 тухай мэдлэг нэмэгдэнэ.
Ментортой болж олон талын зөвлөгөө, мэдээлэл авна.
Төсөл бичих арга барилд суралцана.

Хэрхэн таны амьдралд эергээр нөлөөлсөн бэ ?
Тэтгэлэг хүртэхэд тус болсон.
Салбар бүрийн манлайлагч залуустай танилцаж танилын хүрээгээ тэлж чадсан.
Цагийн менежментийг системтэйгээр зохицуулж сурсан.

Таны мэргэжлийн ур чадварт хэрхэн нөлөөлсөн вэ?
Төсөл бичих ур чадварт суралцсан нь дараагийн төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд давуу тал болон туршлага болж чадсан.
Багаар ажиллах чадвар нэмэгдсэн.
Харилцааны болон манлайллын чадварт суралцсан.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар мэдлэг хэр нэмэгдэж чадсан бэ?
Илүү гүнзгийрүүлэн судалж мэдлэгийн хүрээгээ тэлж чадсан.

Глобал Шэйпэрс Улаанбаатар Нийгэмлэгээс зохион байгуулдаг “Тогтвортой Хөгжлийн Залуу Манлайлагч” буюу “Young Sustainable Development Leaders” Хөтөлбөрийн 25 оролцогчид хөтөлбөрийн зохион байгуулагч багийн хамт


Others