Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбараас (The Young Professionals’ Group – Mongolia Chapter) хөтөлбөрийг төгсөж буй залуус нэг жилийн хугацаанд хэрхэн хамтран ажиллаж, ямар үр дүн гаргасан, менторуудаас юу сурсан тухайгаа хуваалцсаныг хүргэж байна.
2022-2023 ОНЫ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН
YPG хөтөлбөр нь ажлын байран дээр гараад удаагүй байгаа 30 хүртэлх насны шинэ залуу мэргэжилтнүүдэд салбар, салбарын амжилттай яваа туршлагатай менторуудаас заавар, зөвлөгөө авах, суралцах боломжийг олгодог билээ. Энэ удаа банк санхүү, маркетинг, мэдээллийн технологи, сэтггүүлзүй, иргэний нийгэм, инженер, хувийн хэвшлийн 14 ментийг сонгон шалгаруулж, 13 ментор урьж оролцуулан 1 жилийн хугацаанд менторшип хөтөлбөрийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд сар бүр ментор лекцийг зохион байгуулсан ба ментий тус бүр ментортойгоо өөрсдийн тохирсон хугацаанд ганцаарчилсан уулзалтуудыг хийсэн байна. Мөн “CV, Resume and Interview” болон ажлын байран дээр сэтгэл зүй сэдвүүдээр зочин лекторын уулзалтыг зохион байгуулжээ.
А.Бүжин: /АНД Глобал, Бизнесийн шинжээч/
Менторшип хөтөлбөрийн туршид гарсан өөрчлөлтийн талаар ярихын өмнө яг өнгөрсөн жил тус хөтөлбөрт элсэх гээд 2 минутын бичлэгээ бэлдэж байсан үе рүү очих хэрэгтэй байх. Одоогоос яг жилийн өмнө эхлүүлсэн бизнесээ орхиод, цаашаа яахаа мэдэхгүй таг гацаж байсан үе. Дахиад бизнес эхлүүлэх үү, гадагшаа явж сурах уу, хөдөө явах уу, хүнтэй суух уу гэдэг шиг нөгөө хорин насны хямрал гэдэг нь яг тэр үед надад хүчтэй нөлөөлсөн юм шиг байгаа юм. Цаашаа явах гэхээр нэг л таг харанхуй, карьерын аль ч замналаар явсан хэрвээ энэ сонголт биш байсан бол яах вэ гэх мэтээр эргэлзээ ихтэй байсан тул энэ бүх тээнэгэлзээг тайлаад өгөх, өөрийнхөө хийсэн бүтээснийг хуваалцаад цаг хожиход минь туслах хүн хайж байсан юм.
Ямар ч байсан Чевенингийн тэтгэлэгт өргөдлөө өгөөд YPG-ийн менторшип хөтөлбөрт бичлэгээ илгээгээд хүлээлээ. YPG-ээс тэнцсэн хариугаа сонсоод за одоо эргэлзэж байсан бүх карьерын сонголтууддаа хариулт олох нь гээд баярлаж байснаа санаж байна.
Б.Хос-Эрдэнэ ментортой өнгөрсөн менторшипийн хөтөлбөрийн нэг жилийн турш карьер болон хувь хүний хөгжил, миний амьдралд маш чанартайгаар нөлөөлсөн, онцлох жилүүдийн нэг байлаа. Хамгийн эхний танилцах уулзалтаар АНД Глобал ХХК-д ажиллах санал тавьсан уулзалт байсан бол сүүлийн уулзалтаар менторын хөтөлбөрийг дүгнэсэн юм. Эдгээр уулзалтын дунд бараг өдөр болгон ментортойгоо уулзаж, хэрхэн бизнесээ удирдаж, ямар шийдвэр гаргаж байгааг нь практикт хажуухнаас нь харах боломж олдсон буюу Хосоо ментортой хамт ажиллаж, карьерын өөрчлөлт хийсэн нь энэ хөтөлбөрийн онцлог мөнөөсөө мөн байлаа. Хосоо менторын шаргуу зан, холч ухаан, маш цөөхөн давхцах карьерын замнал, аливаа асуудлыг олон талаас нь бодитойгоор харах чадвар, хэцүү зүйлийг маш энгийнээр тайлбарлаж харах өнцөг гээд хувийн арга барилаас нь суралцах зүйлс маш олон байсан.
Хамгийн сонирхолтой нь Чевенинг-д тэнцсэн хариугаа аваад, дараагийн шатны ярилцлагадаа орохынхоо өмнөх өдөр нь Хосоо ментортой уулзаад ажлын санал хүлээж аваад шууд Чевенинг тэтгэлгээ орхичихсон. Гадагшаа явж сурах төлөвлөгөө маань бас тийм ч хүчтэй биш, энэ сонголтдоо шийдэмгий бус, одоогоор арай явах болоогүй байсныг маань ментортойгоо уулзсан ганцхан уулзалт батлаад өгсөн.
Одоо эргээд дүгнээд бодоход, энэ хөтөлбөрийн туршид, бусад менторуудын сар бүрийн уулзалт, ментортойгоо тулж, хамт ажилласан үеүд, хөтөлбөрийн бусад ментийнүүдтэйгээ хийж байсан уулзалтууд гээд, энэ бүгдээс би сэтгэлзүйн талаасаа “Heal” хийгдсэн, оюун санааны талаасаа “Mindset” өөрчлөгдсөн, хувь хүн талаасаа эргээд өөртөө итгэх итгэлээ олсон, карьерын хувьд цаашид ямар сонголт хийхээ тодорхойлж чадсан үе гэж хэлж болно.
Жаахан сүржин сонсогдож магадгүй ч гэсэн энэ хөтөлбөр амьдралын маань чухал эргэх цэг болсон. Та бүхний төсөөлж байгаа шиг ментортойгоо уулзаад за чи ингэ, тэг гээд зааварласны дагуу гүйцэтгээд, хүчээр өөрчлөгдөөд байсан зүйл огт байхгүй. Харин энэ хөтөлбөрт хамрагдсанаар маш олон боломж бий болж, аль хэдий нь туулаад гарсан бусдын туршлагаас суралцаж, цаг хожиж, түүнийг өөрийнхөө нөхцөл байдалд тохируулан, өөртөө өөрчлөлт бий болгож байгаа нь хамгийн том үнэ цэн байсан юм.
Ментий болгоны карьерын замнал, энэ хөтөлбөрт элссэн шалтгаан, гарсан өөрчлөлт, тус хөтөлбөрөөс авсан үр өгөөж өөр өөр байж болох учраас энэхүү хөтөлбөрийг олон хүн анзаарч, амьдралдаа маш олон эерэг өөрчлөлтүүдийг гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
М.Энхжин /ТекПак Групп, Маркетингийн менежер/
Анх энэхүү хөтөлбөрийг ажилладаг байсан байгууллагын маань ТУЗ-ийн захирал ментор учраас мэдэж авсан. Тухайн үедээ нэг л надаас хол санагдаж байлаа. Бизнес эрхэлдэг хүмүүс эсвэл гарааны бизнесээ аль хэдийнээ эхлээд явж буй тийм хүмүүс хамрагддаг байхдаа гэсэн бодолтой байсан болохоор яаж элсэлтээ авдаг хэрхэн орох вэ гэсэн юм бодсонгүй өнгөрч байсан. Түүний дараа 2022 оны ментий найзаасаа хөтөлбөрийн тухай сонсоод яагаад болохгүй гэж гээд зориглоод хүсэлтээ явуулсан маань тэнцсэн нь энэ юм.
Салбар салбартаа тэргүүлэгч, өөрийн амьдралын болоод ажил карьерын туршлагаараа бусдыг манлайлдаг Монголын топ эрхмүүдээс сонирхолтой амьдралын түүх, туршлага, яриануудыг сонсон тэднээс суралцахын сацуу үе тэнгийн 13 ментий залуусаасаа суралцах боломж олдсонд үнэхээр баяртай байна. Магадгүй аль нэг менторын маань карьерын замналууд, ажлын “know how” зэрэг сошиал, сонин сэтгүүл, телевизээр цацагдаж байсан ч түүнийг нь өөрийн биеэр тухайн хүнтэй нь уулзан сонсож асуулт асуух боломж байна гэдэг нь энэхүү хөтөлбөрийн хамгийн гайхалтай аз завшаан гэж бодож байна.
Миний хувьд ментороосоо сурч мэдэн авсан хамгийн үнэ цэнтэй зүйл бол өөрөө өөрлүүгээ өнгийн, өөрийгөө хайж байсан урт замынхаа тал ч болов цэг дээр ирчихсэн гэж бодож байна. Менторынхоо мэдлэг туршлага, карьерын замнал, бусад нарийн нандин мэдлэгээс гадна түүнээс хэрхэн өөрөө өөрийнхөө үнэ цэнийг олох вэ, өөрийн зорилго, мөрөөдлөө яаж тодорхойлох гэх зэрэг маш үнэ цэнтэй зүйлсийг мэдэж авсандаа үнэхээр баяртай байна. Өөрөө өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрлаж чаддаг гэдэг үг байдаг даа түүн шиг өөрөө өөрийнхөө үнэ цэн, зорилгоо зөв тодорхойлсон хүн бусдад зөв зүйлийг түгээн дэлгэрүүлнэ гэж бодож байна.
Салбартаа тэргүүлэгч хүмүүсийн ярианд суух эсвэл бүр ганцаарчлан уулзан зөвлөгөө авах боломж олдох нь тун чиг ховор үзэгдэл. Тиймээс үүнийг залуу мэргэжилтнүүдэд хөтөлбөр болгон үе шаттайгаар зохион байгуулж байгаа нь маш том боломж гэж харж байна. Хөтөлбөр хэдий 1 жилийн хугацаанд ч гэлээ үүнээс сурсан мэдсэн зүйл болоод нетворкинг нь бидэнд олон жилийн турш үлдэх үнэ цэнтэй зүйл болж байна. Тиймээс яг одоо өргөдлөө явуулан өөрийгөө сориод үзээрэй залуусаа.
М.Төгсбуян /Зориг Сан, Хөтөлбөрийн зохицуулагч/
Менторшип хөтөлбөр нь нийт 1 жилийн турш буюу удаан хугацаагаар үргэлжилсэн нь их үр өгөөжтэй санагдсан. Ментортойгоо тийм ч олон удаа уулзаж чадаагүй ч менторынхоо өгсөн зөвлөгөөний дагуу ярилцлагадаа бэлдээд өөрийн хүсэж байсан хөтөлбөртөө тэнцсэн. Хөтөлбөрийн турш зөвхөн өөрийн ментороосоо гэлтгүй хөтөлбөрийн бусад менторууд, мөн оролцогчдоосоо олон шинэ зүйлс сурч авсан. Би төрийн бус байгууллагад ажилладаг учраас хөтөлбөрийн сар бүр хийдэг уулзалтууд хамгийн сонирхолтой санагдлаа. Салбар өөр болохоор тэр болгон бизнесийн салбарын хүмүүстэй уулзаад, туршлагаас нь суралцах боломж байдаггүй байсан. Хөтөлбөрийн турш уулзсан менторуудаасаа өөрийн ажилдаа, амьдралдаа хэрэгжүүлж болох үнэтэй зөвлөмжүүдийг олж авсан.
А.Пүрэвсүрэн /Eleos World LTD, Senior Software Engineer/
YPG хөтөлбөр нь надад ажил карьерын дэвшил, хувь хүний өсөлт хөгжил, гайхалтай хүмүүсийн хүрээллээр зогсохгүй амжилтын талаарх үндсэн үзэл баримтлалыг минь улам хүчтэй бэхжүүлсэн чухал аялал байлаа. Монголын салбар салбарын түүчээлэгчдээс суралцаж, тэдний туулж өнгөрүүлсэн ажил амьдралын замнал. Түүний цаана ямар их зүйлийг даван туулж энэ өндөрлөгт хүрсэн талаарх гүн гүнзгий ойлголттой болсон. Мөн аль хэдийнээ олон улсын компанид алсын зайн программ хангамжийн инженерээр ажиллаж эхэлсэн нь миний карьер дахь ахиц дэвшлийн гэрч болж байна.
Болор-Эрдэнэ ментороос сурсан хамгийн чухал зүйл бол “Өөрийгөө бодитоор үнэлж, зорилгоо тодорхойлох” байсан. Энэхүү зөвлөгөө миний дотор гүн гүнзгий шийдэмгий байдлыг бадрааж, хэт олон сонголтод дунд зовж эргэлзэлгүй зүгээр л үйлдэж эхлэх зарчмыг бэхжүүлсэн карьерын хурдасгуур байсан. Үүний үр дүнд би олон улсын компанид ажиллах аяллын минь хүчтэй суурийг тавьсан юм. Мөн ментор Болор-Эрдэнэ бусад ментий нартай холбоо тогтоож бүлэгт оруулсан нь бусдаасаа суралцах хамтдаа хөгжих сайхан боломж олгосон.
Хөтөлбөр маш сайн зохион байгуулагдсан байсан. Харин би программ хангамжийн инженер хүний байр сууринаас дараа дараагийн жилүүдэд технологийн салбарын залуус идэвхтэй хамрагдаж мөн илүү олон салбараас ментор, ментий нар бүрдээсэй гэж боломжтой гэж хүсэж байгаа.
Б.Батсүрэн /АПУ ХК, Санхүүгийн шинжээч/
Өөрийгөө илүү таньж, өөртэйгөө ажиллаж сурахад хөтөлбөрийн туршид зохион байгуулсан уулзалт, ярилцлагууд маш том нөлөө үзүүлсэн. Цэргээс дөнгөж халагдан ирж байхдаа хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд одоо ажилд орж, өөрийн карьераа өргөн хүрээнд харах боломжтой болсон. Менторын чиглүүлэг урт хугацаанд том зургаар амьдралаа харахад түлхэц өгсөн бөгөөд өөртөө илүү итгэлтэй болоход минь тусалсан. Маш олон зүйлс сурснаас онцолмоор байгаа нь багийг хэрхэн бүрдүүлж, чиглүүлэх тал арга барил байлаа.
Хөтөлбөрт олон янзын салбар салбарын бизнесийн удирдагчид болон ментий нар байсан нь богино хугацаанд олон төрлийн үнэ цэнтэй сургамжийг сонсох боломжийг олгосон. Цаашлаад ментор төдийгүй, ментий нартайгаа тогтмол уулзаж, зөвлөгөө авч, мэдээлэл солилцож байсан нь хувь хүний болон ажлын карьерт минь эерэг үр нөлөөг авчирч чаджээ.
Х.Ариунжаргал /EP Carbon, Finance Associate/
Сар бүрийн менторуудтай хийдэг уулзалтын үеэр тэдний амжилт, карьерын түүхийг сонсож маш их урам зориг авсан. Энэ нь улмаар урт хугацааны зорилгоо улам тодорхой болгож, түүнийхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөхөд маань ихээхэн түлхэц болсон.
Ментор маань зөөлөн ур чадвараа хөгжүүлэх, тэр дундаа олны өмнө яриа хийх, илтгэл тавих тал дээр зөвлөж, өөрийн судалж буй материалаа хүртэл хуваалцсан нь их тус болсон. Хэдий өөр мэргэжилтэй ч карьерын замналын хувьд ижил төстэй байсан тул ажил, амьдралын үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч байсан. Мөн зөвхөн сайн мэргэжилтэн байхаас гадна, хобби сонирхлоо хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлгуулсан.
Менторуудаас суралцахаас гадна, YPG хөтөлбөр нь өөр өөр салбарт манлайлаад явж буй үеийн залуучуудтай танилцаж, нөхөрлөх боломжийг олгосон. Бусад ментий нараасаа олон зүйл суралцаж, бие биеийнхээ ололт амжилтыг дэмжиж урамшуулдаг, алдаа туршлагыг хуваалцдаг сайхан хамт олон болж чадсандаа баяртай байна.
Б.Лхагвацэрэн /Unnu news, Ерөнхий эрхлэгч/
Энэхүү хөтөлбөрт бүтэн жилийн турш хамрагдсанаар дотооддоо төдийгүй олон улсын тавцанд салбар бүрдээ манлайлж буй экспертүүдээс олон талт мэдлэг авч чадлаа. Түүнчлэн, энэ жилийн оролцогчид багаар ажиллах чадвараараа онцгойрч байсан учраас бие биеэсээ суралцах төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Түүнээсээ ч ихийг сурч мэдсэндээ таатай байна.
Манай менторын хувьд маркетинг, олон нийтийн харилцааны чиглэлээр олон жил ажиллаж салбартаа танигдсан “гуру” билээ. Тиймээс энэхүү хөтөлбөрийн хүрээнд ментороосоо мэргэжлийн ур чадварт суралцахыг илүүтэй эрмэлзлээ.
BSP компанийн хамтран үүсгэн байгуулагч Г.Баярхүү ментортой хамтран тодорхой ТББ-ын коммуникацын стратеги боловсруулах төсөлд оролцсон. Улмаар одоо ажиллаж буй мэргэжлийн чиглэлтэйгээ уялдуулан маш олон төрлийн ур чадварт суралцаж чадлаа. Түүнчлэн ажлын байраа солиод удаагүй байсан тул баг удирдах, нийгмийн сэтгэл зүйг таньж мэдэх, коммуникац, маркетингийн төлөвлөгөө гаргахад суралцсан.
Зөвхөн өөрийн ментор гэлтгүй бусад менторуудтай сар тутмын уулзалт зохион байгуулж, тэднээс суралцах, заавар зөвлөгөө авсан үнэ цэнийг үнэлж баршгүй билээ. Түүнчлэн олон салбарт ажиллаж буй үе тэнгийн чадварлаг залуу мэргэжилтнүүд уг хөтөлбөрт оролцдог учраас үр өгөөж ихтэй байдгийг онцолмоор байна.
Б.Тайван /Оюу Толгой ХХК, Төслийн удирдагч/
Хөтөлбөрт оролцохоос өмнө маш олон ажилд өөрийн цагаа зарцуулдаг байсан. Одоо бол аль нь илүү амьдралд чухал вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийж шийдвэр гаргалт сайжирсан гэж өөр дээрээ дүгнэж байна.
Манай Халиунбат менторын хувьд менежментийн онолын өндөр мэдлэгтэй байсан учраас аливаа зүйлийг хийхэд практик байдлыг онолтой хэрхэн хослуулах тал дээр үр өгөөжтэй зөвлөгөөнүүд өгсөн.
Ментий өөрөө хичээвэл ментороосоо маш их юм сурах боломжтой хөтөлбөр. Цаг хугацааны хувьд ч тэр хангалттай. Гэхдээ анхнаасаа ментортойгоо ярьж байгаад төлөвлөгөө гаргавал зүгээр санагдсан. Зорилго тавиад мөн тогтсон өдөр уулздаг байдлаар жилээр нь хуваариа гаргачихвал хэн хэнийхээ ажлын төлөвлөгөөнд ороод явах нь зүйтэй гэж дараа дараагий ментий болох залуустаа зөвлөе.
П.Буман-Аюуш /Phronesis LLC, Хамтран үүсгэн байгуулагч/
YPG хөтөлбөр анх эхэлж байх үед манай компанийн (гарааны бизнес) хувьд хамгийн чухал үе дээрээ явж байв. Хэд хэдэн төслийг зэрэг хэрэгжүүлэхээс гадна цаашдаа бид яг юун дээр илүү анхаарч, төвлөрөх хэрэгтэй талаар шийдвэр гаргах хэрэгтэй байсан үе. Энэхүү нэг жилийн хугацаатай менторшип хөтөлбөрийн хүрээнд эргэлзэж байсан зарим төслүүдээ бүгдийг нь зогсоож (эсвэл өөр хүнд хариуцуулж), чухал уялдаатай төслүүд дээрээ гол анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Үр дүнд нь хоёр гол төсөл дээрээ өндөр дүнтэй хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, Зүүн Өмнөд Ази, АНУ зэрэгт үйл ажиллагаа явуулдаг Олон Улсын брэндийн Мастер Франчайзын эрхийг авч, Монгол Улсад нэвтрүүлэх ажлаа амжилттай эхлүүлээд явж байна. Энэ чухал шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэхэд тусалсан Анхболд ментор болон бусад менторууддаа талархаж байна.
Гарааны бизнесийн хувьд цаг хугацаатай уралдан чухал шийдвэрүүдийг байгаа мэдээлэл дээрээ үндэслэж гаргаж байх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд ментортойгоо сар бүр тогтмол уулзалт хийж, маш чухал шийдвэрүүдийг багаараа гаргахад чиглүүлж байсан. Ингээд бодохоор Анхболд захирлаас сурсан зүйл бүр тухайн үедээ бид бүхнийг чухал шийдвэр гаргахад тусалж, манай компанийн үйл ажиллагааны нэг хэсэг болон хувирч, одоогийн хүрсэн үр дүнд том нөлөө үзүүлсэн болохоор онцгойлж нэгийг нь хэлэхэд хэцүү юм. Гэхдээ, үр ашиг өндөртэй олон төслүүд хэрэгжүүлж байсан ч гэсэн хоорондоо уялдаа холбоогүй бол урт хугацаанд аль нэг нь амжилтад хүрч, том компани болох хэцүү (бараг боломжгүй) гэж ментор маань зөвлөсөн нь их чухал нөлөө үзүүлсэн. Учир нь компанийг удирдан авч буй хүмүүс тухайн бизнесийн хамгийн чухал үнэ цэнтэй нөөц байдаг болохоор чи хаана цагаа их зарцуулна тэр зүйл л амжилттай хэрэгжих боломж нь ихэснэ гэж зөвлөсөн нь одоо хүртэл санаанд тод үлдсэн байна. Үүнээс гадна та ямар соёлтой, ямар ажилчдыг бий болгохыг хүсэж байна, та өөрөө яг тэр хүн нь байх ёстой гэж зөвлөсөн нь өдөр бүр ажилдаа явахдаа санаж явдаг зүйлсийн минь нэг болсон.
YPG хөтөлбөр нь 30-аас доош насны залуучуудад чиглэсэн хөтөлбөр гэдгээрээ онцлог. Хувь хүний хувьд амьдралынхаа дараагийн чухал шийдвэрүүдийг гаргаж, өөрчлөлт хийх хэрэгтэй болдог үе гэж боддог. Энэ үед өөрийн ажилладаг салбарын туршлагатай мэргэжилтэнтэй нэг жилийн хугацаанд ойрхон ажиллаж зөвлөгөө авч, хамтарч шийдвэр гаргаж, суралцах боломжийг YPG хөтөлбөр олгосон гэж боддог. Үүнээс гадна сар бүр бусад менторууддаа уулзалт хийж тэдний мэдлэг туршлагаас суралцаж, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан уулзалт хийж, хамтарч ажиллах хүртэл боломжтой байдаг. Энэ боломжууд нь YPG хөтөлбөрийн хүрээнд надад болон манай компанид оруулсан үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болсон.
Э.Нарханд /ХААН банк, Стратеги, бизнес төлөвлөлтийн мэргэжилтэн/
Хөтөлбөрийн хугацаанд ментор, ментий нараасаа маш олон зүйл сурсан. Өмнө нь маш хэцүү санагдаж, буруу ч юм хийгээд байгаа юм шиг санагддаг байсан бол менторууд мөн оролцогч нараас ямарваа зүйл хийхэд саад бэрхшээл байдаг гэдгийг илүү бодитоор ойлгосон.
Миний менторийн хувьд маш олон салбарт хувь нэмрээ оруулж буй нэгэн. Гүйцэтгэх захирал хийхийн хажуугаар нэг дор маш олон янзын хүний хийх зүйлийг хийж чаддаг санагдсан. Ямарваа ажлыг эхлэхээсээ өмнө төвөгшөөж төгсгөлийг харах биш, төвөгшөөхгүй хийх талыг илүү ойлгосон.
В.Павел /Глобал бридж констракшн, Гадаад худалдааны менежер/
Хөтөлбөрт орохоосоо өмнө би нэг салбарт маш удаан ажилласан байсан учраас олон өөр салбарын хүмүүстэй танилцаж өөрийнхөө үзэл бодлыг тэлж, өөрийгөө шинэ салбарт сорихоор шийдсэн. Манай ментор бид хоёрын үзэл бодол, сонирхол ойролцоо болохоор харилцахад, туршлагаас нь суралцахад хялбар байсан. Надад маш олон зүйлийг зааж өгсөн ба цаашид дотооддоо болон олон улсад яаж өөрийнхөө хувцасны брэндээ таниулах уу гэдэг дээр олон зөвлөгөө өгсөн. Хөтөлбөрийн туршид менторуудаас гадна ментий нараасаа мөн их зүйлийг сурах боломжтой гарсан.
Э.Даваахүү /Мобиком Корпораци ХХК, Төслийн менежер/
Ментороосоо сурсан ур чадваруудыг нэгтгэн дүгнэвэл: Бүтээмжийг maximize хийх: Мэргэжилтнүүд дараагийн шатанд гарах хамгийн чухал хүчин зүйл бол “Бүтээмж”. Бүтээмжийг хэрхэн хамгийн өндөр түвшинд байлгахад нөлөөлдөг хүчин зүйлс, мөн бүтээмжийг хэмжигдэхүйц байх хэрэгтэй.
Хариуцлага хүлээх чадвар: Бусдын өмнө нэгэнт сэтгэл шулуудан хариуцлага хүлээж түүнийгээ ухамсарлах нь ажлын хийгээд амьдралын урт хугацааны амжилт, аз жаргалд хамгийн чухал нөлөөтэй.
Карьерын төлөвлөгөө: Карьер шат бүрд хүрэхэд тулгарч байсан challenge-д мөн тэдгээрт хүрэхэд тусалж байсан гол ур чадварууд. Хэрхэн нэг шат илүү харах.
Сорилтыг даван туулах зам: Сорилт бол алхам бүрд байна, бас сорилт бүр өөр өөр дүр төрхтэй байдаг. Тухайлсан сорилт бүрийг давах зэвсэг гэхээс илүүтэй ямар ч сорилт тулгарсан бэлэн байх чадвар, дадал, тэр хүчийг өөртөө бүрдүүлэх хамгийн чухал.
Emotional intelligence: Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь харилцааны чадварыг нэмэгдүүлж, хүнд хэцүү нөхцөлд зөв шийдвэр гаргах үндэс болдог
Хувь хүний үнэт зүйл: Хувь хүний үнэт зүйлээ хэрхэн тодорхойлох цаашлаад гэр бүл зохиох урт хугацаанд өндөр бүтээмжтэй байх дадал зуршлууд
Өөрт итгэх итгэл: Өөртөө итгэх итгэл бусдын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа цагт хамгийн өндөр байдаг. Хийж буй даалгавар бүртээ утга учир оноох нь хамгийн том хөдөлгөгч хүч байж болно.
Залуу мэргэжилтнүүдийн хувьд ажлын талбар болон хувь хүний ирээдүйн зорилго, төлөвлөгөө дээр олон нээлттэй асуултууд мөн асуудлууд байдаг. Эдгээрийн хариулт болон гарц гаргалгааг олж авах боломжийг энэ хөтөлбөрөөр дамжуулан олгож байгаа нь хамгийн том үр өгөөж гэж миний хувьд үзэж байна. Сар бүрийн менторын уулзалтын зохион байгуулалт өндөр байсан нь надад ментор тус бүрээс тухайлсан асуултуудыг асууж өөрийн цаашдын ажлын болон хувь хүний зорилго, төлөвлөгөөнд хувь нэмэр оруулсан. 2023 оны хөтөлбөрийн хүрээнд ментий нар бүтэц зохион байгуулалтад орж “Knowledge & experience sharing” session бусдадаа танилцуулсан нь дан ганц ментор хийгээд бие биеэсээ суралцах боломжийг бүрдүүлж чадсан. YPG хөтөлбөрийн хувьд залуу мэргэжилтнүүдэд өгч байгаа хамгийн үнэ цэнэ бол салбар бүрийн ментороос туршлага судлах, цаашлаад ментий нар бие биеэсээ суралцах нээлттэй “Орчин” бүрдүүлсэнд байлаа.
Энэ жилийн хөтөлбөрт бүртгүүлэх бол дараах холбоосоор htttp://www.worki.mn өргөдлөө илгээрээгэй.