Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the cyr2lat domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/globaj9w/public_html/wp-includes/functions.php on line 6114
Global Shapers Community Ulaanbaatar Hub
Back

YPG хөтөлбөрийн 2022 оны төгсөгчдийн сэтгэгдэл

October 25, 2022

Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбараас (The Young Professionals’ Group – Mongolia Chapter) нийгмийн салбар бүрийн манлайлагчдаас бүтэн жилийн турш суралцах боломжийг залуучуудад олгохоор “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр”-ийг зургаа дэх жилдээ Global Shapers Community Ulaanbaatar Hub-аас хамтран амжилттай зохион байгуулжээ.

Энэхүү хөтөлбөрийг төгсөж буй залуус болон өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцсан менторуудаас нэг жилийн хугацаанд хэрхэн хамтран ажиллаж, ямар үр дүн гаргасан тухайгаа хуваалцсаныг хүргэж байна.

МЕНТОРШИП / МЕНТОР / МЕНТИЙ

Менторшип гэдэг нь тодорхой амжилтад хүрсэн; ажил, амьдралын мэдлэг, туршлага арвин хүмүүс өөрөөс туршлага багатай, гол төлөв насаар дүү нэгэнд зөвлөгөө чиглүүлэг өгч, үлгэр дуурайл үзүүлж, ойр харилцаа бий болгох үйл явц. Туршлага мэдлэгээ хуваалцаж буй тэдгээр хүмүүсийг ментор гэдэг бол ментий нь тухайн хүнээс суралцаж буй туршлага багатай нэгэн. Амжилтын дасгалжуулагч буюу көүчөөс ялгаатай нь ментор нь ментийдээ сайн дурын үндсэн дээр тусламж дэмжлэг үзүүлдэг.

Сонирхуулахад, Fortune сэтгүүлээс тодруулдаг дэлхийн шилдэг 500 компанийн жагсаалтад багтсан байгууллагуудын 71 хувь нь менторын хөтөлбөр санал болгож байна. АНУ-ын “Sun Microsystems” компанийн 1000 ажилтны дунд таван жилийн турш хийсэн судалгаагаар менторын хөтөлбөрт хамрагдсан ажилтнуудын 25 хувь нь цалингийн хэмжээгээ өсгөсөн бол хөтөлбөрт хамрагдаагүй хүмүүсийн таван хувь нь л орлогоо нэмэгдүүлжээ. Мөн ментортой болсон ажилтнуудын албан тушаал ахих үзүүлэлт менторгүй хүмүүсээс тав дахин илүү байсан гэнэ.

“THE YOUNG PROFESSIONALS’ GROUP”-ИЙН ТУХАЙ 

The Young Professionals’ Group буюу Залуу Мэргэжилтнүүдийн Групп нь анх 2000 онд АНУ-д үүсэж, өдгөө АНУ-ын гурван муж, Энэтхэг, Сингапур, Монгол Улсад салбаруудаа нээжээ. Уг хөтөлбөр нь 30 хүртэлх насны залуу мэргэжилтнүүдийг ирээдүйн зорилгодоо хүрэхэд туслах, хувь хүний хөгжил, карьераа ахиулахад дэмжих зорилгоор салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүд, захирлуудтай холбож, тэднээс суралцах боломжийг олгодог юм. Хөтөлбөрийн албан ёсны пэйж хуудасны линк: https://www.facebook.com/YPGMongolia

Монгол Улсад 2015 оноос “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засаг, банк санхүү, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, уул уурхай, олон нийтийн харилцааны салбарын 74 лидер тус хөтөлбөрийн ментор болж, 76 залуу мэргэжилтэнтэй нэг жилийн турш хамтран ажиллажээ. 2021-2022 оны менторшип хөтөлбөрт нийт 13 ментор болон 13 ментий сонгогдсон байна.

Дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд залуучуудын дуу хоолойг өргөх, нийгэмд хүртээмжтэй үр бүтээлтэй төсөл хөтөлбөр боловсруулах хүрээнд “Global shapers community”-ийг байгуулсан ба Global shapers-ийн санаачлан хэрэгжүүлсэн 1 хөтөлбөр нь ажлын байран дээр гараад удаагүй байгаа 30 хүртэлх насны шинэ залуу мэргэжилтнүүдэд салбар, салбарын амжилттай яваа туршлагатай менторуудаас заавар, зөвлөгөө авах, суралцах боломжийг олгодог “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр” болно. Энэ утгаараа Шаперс нараас ажлын хэсэг томилогдон 1 зохион байгуулагчийн хамтаар 4 хүний бүрэлдэхүүнтэй хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

2021-2022 ОНЫ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

Нийт банк санхүү, маркетинг, мэдээллийн технологи, хууль, инженер, хувийн хэвшлийн 13 ментийг сонгон шалгаруулж, 13 ментор урьж оролцуулан 1 жилийн хугацаанд менторшип хөтөлбөрийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд сар бүр ментор болон зочин лекторын лекцийг зохион байгуулдаг ба ментий тус бүр ментортойгоо өөрсдийн тохирсон хугацаанд хэдэн ч удаа ганцаарчилсан уулзалт хийж болдог.

Залуу мэргэжилтнүүдийн холбооны 2021-2022 оны менторшип хөтөлбөрийн менторууд

Хөтөлбөрийн хүрээнд дараах сэдвээр сар бүрийн уулзалтыг зохион байгуулсан байна. Үүнд

  • Ш.Алтанбагана ментор – Хувь хүний хөгжил, Карьер төлөвлөлт
  • Н.Орчлон ментор – Олон улсын байгууллагад мэргэжлээрээ ажиллах боломж
  • Зочин лектор М.Маралмаа – CV, Resume болон ажил, сургууль, тэтгэлэгийн ярилцлаганд хэрхэн бэлдэх
  • Б.Болор-Эрдэнэ ментор – Ментий нарын асуултанд хариулан, туршлагаасаа хуваалцлаа.
  • Зочин лектор IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи багш – Буддын шашин, буддизмын философийн утга учир, ойлголтын талаар англи хэл дээр яриа хийсэн.
  • Э.Орчлон ментор – URECA Pte. Ltd өөрийн компанийн талаар танилцуулж, туршлагаасаа хуваалцсан.
  • Б.Хос-Эрдэнэ ментор – Хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байсан туршлага, гаднаас хөрөнгө оруулалт татсан болоод хэрхэн татах талаар туршлагаасаа хуваалцсан.
  • Б.Анхболд ментор – Инвескор групп компанийн талаар танилцуулан, туршлагаасаа хуваалсан.
  • Д.Энхтүвшин ментор – Stakeholder capitalism
  • Зочин лектор Б.Наранбат – Entrepreneurship 101
  • О.Номинчимэг ментор – Хууль тогтоох үйл ажиллагаа болон цахим парламент. Уулзалтын дараа Төрийн ордон, Монгол Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай болон чуулганы танхимтай танилцлаа.
  • Ө.Ганзориг ментор – Санхүүгийн философи
  • Ө.Ганзориг ментор – Cannes Lions-ын эргэн тойронд, бүтээлч салбарын трэнд
  • В.Ганзориг ментор – Cannes Lions-ын эргэн тойронд, бүтээлч салбарын трэнд
  • Г. Баярхүү ментор – Social innovation projects
  • Н.Орчлон ментор – Үнэртний соёл

Хөтөлбөрийн оролцогчдоос авсан сэтгэгдлийг нэгтгэн дүгнэхэд нийт 13 ментийгийн 42% нь маш сайн, 33% сайн, 16% дунд хэмжээнд ментортойгоо харилцаа тогтоосон. 1 жилийн хугацаанд хэрэгжихэд 75% нь менторын өгсөн зөвлөгөө оролцогч нарын ажил, карьерт маш үр дүнтэй байсан. Нийт оролцогчдын 50% нь 5-6 удаа, 16% нь 7-10 удаа, 32% нь 10 дээш удаа ментортойгоо ганцаарчилсан уулзалт хийсэн. Харин хөтөлбөр дууссаны дараа 83% нь ментортойгоо үргэлжлүүлэн холбоотой байж зөвлөгөө авсаар байна гэж хариулсан байна. Эцэст нь 100%-ийн саналтайгаар хөтөлбөрийг маш өндөр үр өгөөжтэй гэж үнэлсэн ба цааш найз нөхөд, хамт олондоо санал болгоно хэмээн хариулжээ.

Түүнчлэн 2021-2022 оны оролцогчдын 30 хувь нь байгууллага дотроо албан тушаал дэвшиж, 20 хувь нь сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон бол 15 хувь нь бизнесийн хүрээнд хөрөнгө оруулалт татаж, шинэ хамтрагч, шинэ бизнесийн бүтээгдэхүүн гаргасан байна.

YPG хөтөлбөрийн талаарх сэтгэгдэл 

Ц.Пүрэвжаргал
Жак Интернэйшнл ХХК – Гүйцэтгэх захирал

Сайн байна уу, би хөтөлбөрийн оролцогч Ц.Пүрэвжаргал байна. Энэхүү хөтөлбөрийн талаар 2 жилийн өмнө мэдэж авсан ч оролцох таатай үе таараагүй тул өнгөрсөн жил яг 30 насныхаа босгон дээр амжиж бүртгүүлэн тэнцсэн. Юу авахаа мэддэг хүнд авах зүйл нь ирдэг шиг нөгөөтэйгүүр мөн шавь бэлэн болоход багш гарч ирдэг гэдэг шиг би яг тохиромжтой үедээ тохирсон ментортойгоо учирсан гэж боддог. Би бизнес эрхлээд 4 жил болох гэж байгаа бөгөөд энэ хугацаанд олон зүйл танин мэдэж, алдаж онож явсаар ирсэн. Энэ хугацаанд СЭЗИС-ийг Бизнесийн удирдлагаар мөн төгссөн. Гэвч зөвхөн онол сонсоод бизнесээ амжилттай авч явах нь учир дутагдалтай бөгөөд цаг хугацааг дөтлөх болон туршлагатай хүнээс практик мэдлэг авах нь бизнес эрхэлж эхэлж буй хүмүүст үнэхээр өгөөжтэй. Бид миний ментор болооч, надад зөвлөгөө өгөөч гэж хэн нэгэн амжилттай бизнес эрхлэгчээс хүсвэл энэ нь бүтэх магадлал мөн харьцангуй бага байдаг, яагаад гэвэл тэдгээр хүмүүс ч мөн цаг хугацаа хомс, төлөвлөсөн ажил ихтэй байгаа шүү дээ. Харин нөгөө талаас ийнхүү нэгдсэн хөтөлбөр болгочихоор нэг талаас менторууд маань өөрийн туршлагаа шинэ гарч ирж буй залуу үетэйгээ хуваалцах, нөгөө талаас туулсан хүнээс нь бодит практик дээр тулгуурлан санал бодол солилцох зэргээр уулзалт илүү үр дүнтэй болдог. Үүнтэй зэрэгцэн суръя хөгжье гэсэн хандлагатай залуустай нэг анги болж нөхөрлөж, хамтарч ажиллан явах нь өөрөө бас нэг том боломж болдог билээ. Энэ хөтөлбөр олон жил үргэлжлээсэй, үүнийг хийдэг оролцдог хүн бүр хийж буй ажил нь үнэхээр үр дүнгээ өгдөг шүү гэдгийг мэдээсэй, та бүхэнд маш их баярлалаа, баярлалаа.

Б. Дөлгөөн
Апу ХК – Санхүүжилт, хөрөнгө оруулалт хариуцсан шинжээч

Хөтөлбөрт хамрагдаж эхлэхэд би ажлын байранд гараад 3 жил болж байсан. Өнгөрсөн хугацаанд түлхүү ажлын туршлага хуримтлуулахад төвлөрч ажиллаж байсан. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар би ирээдүйд юунд анхаарч төвлөрч сурч хөгжих, өөрийн зорилго, дуртай зүйлээ танин мэдэхэд надад томоохон түлхэц үзүүлсэн. Нэг жилийн хугацаанд ментороосоо өөрт тулгарсан асуудал, асуултуудад хариулт авч чаддаг нь хөтөлбөрийн хамгийн том давуу тал байсан. Зөвхөн мэргэжил, карьер төлөвлөлтөөр хязгаарлагдахгүй зөв хүн байх, зөв хандлагатай байх зэрэг үнэтэй зөвлөгөө мэдээллүүдийг менторууд маань сэтгэлээсээ зөвлөдөг нь урт хугацааны хамгийн том хөрөнгө оруулалт маань болж чадсан.

Манай ментор бид 2 өөр өөр салбарт ажилдаг ч бие биедээ мэдээлэл өгөх байдлаар 1 жилийн хугацаанд хамтран ажилласан. Цагийн зөрүүтэй байсан ч ментор маань өөрийн үнэтэй цаг хугацаагаа зарцуулж, долоо хоног бүр онлайн уулзалт хийдэг байсан. Ментор маань яг надад тулгарсан асуудал, асуултуудад зөвлөгөө мэдээлэл өгч, жишээгээр тайлбарлан , өөрөөр минь хариулт олуулах асуултуудаар чиглүүлдэг байсан. Зөвхөн мэргэжил карьер төлөвлөлтөөр хязгаарлагдахгүй ажиллах арга барил, хобби, хандлага гэх мэт хувийн амьдралд чухал хэрэгтэй зөвлөгөө мэдээллүүдийг өгсөн. Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд бусад менторуудтай уулзалт хийх боломжийг олгодог ба хувь хүний хөгжил, инновац зэрэг олон шинэ мэдээлэл, зөвлөгөөг авч, илүү их боломжууд бидэнд байгааг олж харахад томоохон түлхэц болж чадсан.

Үе тэнгийн олон залуучуудтай найз нөхөд болж, өөр өөр салбарт ажиллаж байгаа залуучуудаас олон зүйлсийг сурч мэдсэн. Нэг үгээр хэлэхэд энэхүү хөтөлбөр миний хувьд урт хугацааны томоохон хөрөнгө оруулалтуудын нэг байсан.

Б.Билгүүн
Юнимедиа Солюшнс ХХК – Ахлах инженер

70/30 vs 50/50 vs 0/0 ?
Mentorship program – буюу зөвлөн зааварчлах хөтөлбөр нь магадгүй 70% ментий талаас хамааралтай байдаг санагддаг. Өөрөө л сайн гүйж, зохицуулж боломжийг үүсгэхгүй бол ихэнх тохиолдолд ментор-ууд тунчиг завгүй байдаг. Гэхдээ энэ нь байнга ийм байх ёстой гэсэн үг биш бөгөөд цаг хугацааны явцад 50/50 30/70 бүр 0/0 болж ч өөрчлөгдөж болно. Миний хувьд өмнөх жилийн хөтөлбөрт тэнцэж чадаагүй ч энэ жил (YPG#2022) насаараа улаан шугам татуулдагийн даваан дээр орж чадсаан. Түүнийхээ ачаар амьдралын өөр өөр өнгийг илэрхийлэх 12 залуустай танилцаж, менторуудтай уулзаж, хөшигний цаана (баггүй) ярианууд өрнүүлжээ. Магадгүй хамгийн үнэ цэнэтэй нь энэхүү холбоос л юм уу… Түүнээс гадна нэг том олз нь гэвэл менторынхоо ачаар сүүлийн хэдэн жил бодсон “компани” байгуулах зорилтоо биелүүлж Ажилтан → Гүйцэтгэх захирал боллоо. Эхлэл гэдэг нь 50% гэдэг шиг цүнхний компаниа Unicorn болгоноо #someday.

Б. Сэлэнгэ
Sustainable Business Consulting – Гүйцэтгэх Захирал

Би магистрийн зэргээ авч ирээд удаагүй байхдаа YPG хөтөлбөрт материалаа өгсөн юм. Тогтвортой хөгжлийн чиглэлээр суралцаад ирсэн болохоор уг салбарын туршлагатай ментортой болохыг маш их хүсэж байсан. Тиймээс ч материалаа маш сайн бэлдэн илгээж, хүссэн ментортоо сонгогдож ментор ментийн харилцаагаа эхлүүлсэн. Энэ жилийг би тоогоор үнэлшгүй хөрөнгө оруулалт гэж хэлж чадна. Миний хувьд бизнесийн байгууллагыг удирдах болон өөрийн амьдралд алсыг харсан шийдвэр гаргах тал дээр түлхүү ажилласан гэж дүгнэж болно. Тиймээс ч энэ хугацаанд амьдралынхаа тойрогт өөрчлөлт авчирсан алхмыг хийж чадсан. YPG хөтөлбөрт маань олон салбарын шилдэг менторууд байдаг тул салбар салбарын сонирхолтой мэдээлэл авч, хүссэн асуултдаа бодитой хариулт авах нь хамгийн сонирхолтой бөгөөд үнэ цэнтэй байдаг юм. Тиймээс ментортой болохыг хүсэж буй залуустаа хэлэхэд ментор болон ментийгийн харилцаа гэдэг зөвхөн авах биш, харилцан суралцаж жижиг ч гэсэн үр дүн бий болгохыг хичээхэд орших болов уу гэж бодож байна.

Э. Мөнхчимэг
Хаан Банк – Мэргэжилтэн

Хөтөлбөрт орохоос өмнө би банкны салбарт тасралтгүй ажилласан, олон төсөл, өөрчлөлтүүд дээр ажилладаг мэргэжилтэн байсан. Нэг л мэдэхэд өдөр тутмын хэв маяг маань уйтгартай болчихсон, надад ямар нэгэн чиглүүлэг, зөвлөмж, шинэ зүйлс хэрэгтэй байгаа гэдгийг мэдэрч байсан юм. YPG менторшип хөтөлбөрт ороод өөрийн ойрын 5 жилийн чиглүүлэгч луужингаа олсон гэж дүгнэж байгаа. Хөтөлбөрөөс миний хамгийн их тэсэн ядан хүлээдэг байсан эвент бол сар болгон менторуудтай биечлэн уулзах уулзалт байсан. Уг эвентээр ментор болгон тухайн компанийг удирдаж буй know-how, тухайн салбарынхаа сүүлийн үеийн тренд, өөрсдөд нь тулгарч байсан challenging туршлагуудаасаа хуваалцаж, ментий нарын асуусан асуулт болгонд чин сэтгэлээсээ хариулж, илэн далангүй ярилцах боломж олгодог байсан нь энэ хөтөлбөрийн бидэнд олгож байгаа хамгийн том боломжуудын нэг нь байсан. Менторуудын даваад гарсан сорилт, туршлагууд нь заримдаа миний эргэлзэж байсан асуудлын зангилааг тайлахад ч тусалж байсан. Өөрөөр хэлбэл уулзалт болгоны дараа өөрөө өөртөө дүгнэлт хийж, цаашид юуг сайжруулах талаар санаа авч, ямар нэгэн зүйлийг өвөртлөөд гэртээ харьдаг байсан. Дан ганц би суралцаад, шинэ соргог мэдээлэл аваад өнгөрөх биш өөрийн эргэн тойрны хүмүүст ч мөн сурсан мэдсэн зүйлсээ хуваалцдаг байсан тул энэ хөтөлбөрөөр дамжуулан миний эргэн тойрны олон хүмүүс ч гэсэн бүтэн жилийн хугацаанд сурч хөгжсөн дурсамжтай жил байлаа гэж дүгнэж байгаа. Хөтөлбөрийн бас нэг highlight бол олон өөр салбаруудад ажилладаг, өөр өөр туршлагатай залуучуудтай бүтэн жилийн турш нэг анги, хамт олон шиг байж, мэдлэг, мэдээллээ солилцож, бие биеэсээ суралцдаг нь байсан.

О.Тэргэл
Phronesis – Founder/CEO

Хувиараа бизнес эрхлэх үед олон төрлийн бэрхшээлүүдтэй манай компани тулгарч байсан. Менторшип хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэхүүн/үйлчилгээг зах зээлд таниулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах гэх мэт асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх тухай ментортойгоо тогтмол ярилцаж байсан нь олон асуудлуудаас зайлсхийх, шинэ боломжуудыг харуулж байсан. Мөн, ментор маань бусад ментор, мэргэжилтнүүдтэй уулзалт товлож/холбож өгч байсан нь чиглэл бүрийн хүмүүсээс зөвлөгөө, туслалцаа авах, хамтын ажиллагаа бий болгох томоохон боломжийг олгож өгсөн. Нэг жилийн хугацаанд маш олон зүйлсийг суралцсан бөгөөд өмнө нь хариултыг нь олоогүй байсан асуултууддаа хариулж чадах байх гэж бодож байна. Мөн, YPG-ийн ментий нартайгаа заримтай нь хамтарч ном орчуулж байгаа бол заримтай нь бизнесийн хамтын ажиллагаа бий болгоод явж байна.

Э. Энхбаяр
MCS Интернэйшнл – Ахлах инженер

Цахилгаан шатанд суусан нэг жил
Цахилгаан шатанд суугаад очихыг хүссэн давхарынхаа товчыг дараад хэдхэн хоромд та хүссэн газараа хүрнэ гэвч зорилгодоо хүрэхийн тулд бидний ихэнх нь цахилгаан шатаар бус энгийн шатаар удаан бөгөөд хэцүү замаар өгсдөг. Харин YPG Менторшип хөтөлбөрт хамрагдсанаар надад цахилгаан шатанд сууж салбар бүрийн манлайлагчидтай нэг давхарт цөөхөн хэдэн хором саатаж тэдний алдаа оноо, амжилт, сургамжуудаас нь сонсох боломж олдсон. Миний хувьд Болор-Эрдэнэ менторын ментеегээр сонгогдсон бөгөөд анхны уулзалтан дээрээ л энэ жилийн үндсэн зорилгоо ярилцан зорилтуудаа боловсруулсан. Ментортой болсноор зорилгоо S.M.A.R.T байлгаж чадсан. Анх зорилгоо ментордоо танилцуулахад “Өөр залуучууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байхад яагаад чи болохгүй гэж жаахан эерэг амбицтай зорилго тавья” гэдэг үг Аmbition гэдэг үгийг өмнө нь нэр төр хөөцөлдсөн, хувиа хичээсэн гэсэн сөрөг утгаар ойлгодог байсан намайг амбиц гэдэг нь хүсэл мөрөөдөлтэй байх, түүнийхээ төлөө тууштай байх гэдэг эерэг ойлголт хэмээн ойлгуулж, амьдралдаа “эерэг амбиц”-тай байх эргэлтийн цэг болсон. Мөн менторын маань networking хийх ур чадвар, хэрхэн хариуцлагыг хүлээх чадварын талаарх энгийн бөгөөд үлдэцтэй зөвлөгөөнүүд нь даруухан, дотогшоо бодолтой надад өөрийгөө өөрчлөх, хүсэл мөрөөдөлдөө хүрэх том түлхэц болсон. Менторынхоо бусад ментее нартай танилцан бид зорилго, ур чадвар болон мэдлэгээ хуваалцдаг бяцхан ментее клуб болсон нь эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажилладаг миний хувьд ажил мэргэжил, үзэл бодол өөр залуусын өнцөгөөс харах гайхалтай туршлага болсон. Хөтөлбөр эхлэхээс өмнө миний хүлээлтэд огт байгаагүй зүйлс бол манай ангийнхан буюу бусад ментее нараасаа суралцах байсан. Үе тэнгийн залуучуудынхаа санал бодол,ур чадвар, хүсэл тэмүүлэл болон хэрхэн зорилгынхоо төлөө тэмцэж байгааг хараад эдгээр залуус дараагийн Ментор, дараагийн Манлайлагчид гэдгийг мэдэрч тэднээс суралцах, тэдэнтэй нөхөрлөх энэ хөтөлбөрийн бас нэгэн үнэ цэнэтэй зүйл байлаа.
Энэ бүх гайхамшигтай мэдрэмжийг мэдрэх боломжийг олгосон YPG – The Young Professionals’
Group – н хамт олондоо баярлалаа.

Т. Болор-Эрдэнэ
ОТИС-ХЗС Дадлагажигч багш

Салбар бүрийн шилдэг манлайлагч эрхмүүдээс суралцах, мөн үеийн залуучуудын ур чадвараас суралцаж хамт хөгжих боломжийг олгосон маш үр дүнтэй хөтөлбөр байсан. Хөтөлбөрийн хугацаанд маш олон салбарын манлайлагчдаас суралцаж, мэдсэн зүйлээсээ онцлох 4-г бичлээ. Хөтөлбөрт хамрагдсан мэнторуудаас гадна хамт хөгжиж суралцаж буй залуус маань мөн л адил салбар, салбарын манлайлагч гэгдэх залуус байсан. Жишээлбэл засгийн газрын томоохон тэтгэлгээр сурч ирсэн, өөрийн үүсгэн байгуулсан бизнестэй, томоон төслүүд дээр гардан ажилладаг, өөрийн бизнесээ эхлүүлж амжилттай яваа гэх мэт залуучууд байсан. Мөн хөтөлбөрийн онцлог нь бүтэн 1 жилийн хугацаанд мэнтор мэнтий нар хамтран ажиллаж зөвлөмж зөвлөгөө өгдөг, салбар салбараас бүрдсэн шилдэг 13 мэнтор сар бүр өөрийн туршлага мэдлэг, мэдээллээс хуваалцсан сургалт, лекцүүдийг ордог бөгөөд энэ хөтөлбөрийн маш том онцлог байсан. 

1. Монгол залуучууд нэгдэж чадвал бидэнд чадахгүй зүйл байхгүй.

 Манай улсад өөрсдийн бизнесийн эхлүүлээд явж буй маш олон мундаг залуус бий. Тэдний хүсэл зорилго зорилт бол дэлхийн зах зээлд монгол залуучууд орох боломжтой харуулж буй явдал юм. Манай улсын хувьд оюун ухаанаараа дэлхийн эхэнд эрэмбэлэгддэг улсын хувьд залуучууд нэгдэж нийлж чадвал боломжгүй зүйл үгүй мэт харин ч эсрэгээрээ монгол залуусын оюуныг дэлхийг үнэлүүлэхээр зорьж ажиллаж буй нь гайхалтай.

2. Хариуцлага 

Хөтөлбөрийн хүрээнд маш олон салбар салбарын шилдэг манлайлагч нарын амьдралын үнэт зүйл, амьдралдаа баримталж буй зарчим, зэргээс сонсож суухад нийтлэг ажиглагдсан нь хариуцлагатай байх зарчим байсан. Учир нь асар олон хүний ахуй амьдрал түүн дээр тулгуурлаж, асар олон ажилчдын хүч хөдөлмөр, бий болохоор алдах эрхгүй маш сайн хариуцлагатай байх зарчим байсан. Манай улсад сүүлийн жилүүдэд залуучуудад ихээхэн шүүмжлэгдээд буй нь зарим залуучууд ямар ч хариуцлагагүй гэх шүүмж нэлээн яригдаж байгаа. Тийм болохоор хариуцлагатай байна гэдэг бусдын өмнө хүлээсэн үүрэг гэдгийг л ойлгох байсан.

3. Мөрөөдлөө бодит болгох 

Хүн бүрд мөрөөдөл байдаг. Мөрөөдөлийг биелүүлж зорилго тавьж хэрэгжүүлж эхлэхгүй л бол мөрөөдөл маань мөрөөдөл хэвээр байх болно. Чи юу хүсэж байна тэр зүйлээ хамгийн сайн бас тууштай хийх нь хамгийн зөв арга эцэст нь чи зорьсондоо хүрч мөрөөдлөө биелүүлсэн байх болно. Салбар салбартаа мундаг сайн байхын тулд тасралтгүй суралцаж, хөгжиж ажилласан учир салбартаа түүчээлэн явж буй нь нууц юм. Бүгд л 0- ээс эхэлдэг 1 байх 2 байх нь бид бүгдийн хичээл зүтгэл, мөрөөдлөө бодит болгохоос эхэлнэ.

4. Туршлага

Залуу хүний хувьд туршлагын олж авах маш чухал ямар ч салбарын мэргэжилтэй, мэргэжилтэн байснаас үл хамааран хүн бүрт өөрийн хийж чаддаг, мэддэг, ур чадварын ард туршлага байдаг. Мэнторуудын лекцүүдээс сонсоход бүгд л ямар нэгэн зүйлийг эцсийг үзэхийн тулд тасралтгүй хөгжиж, суралцаж, туршлагыг хуримтлуулж өнөөдрийн оргилд хүрсэн талаар өгүүлэв. Залуу байна би ямар ч туршлагагүй гэхээс илүүтэй би юуг яаж хийвэл дадлага туршлагыг бий болгох талаар бодох хэрэгтэй. Учир нь хүн бүр төгс биш суралцаж л амжилтад хүрдэг юм. Энэхүү хөтөлбөрийн оролцогч болж бүтэн жилийн турш суралцаж хөгжсөндөө баяртай байна. Мөн хөтөлбөрөөс сурсан мэдсэн зүйлээ одоо ажил амьдралдаа мөрдлөг болгож хэрэгжүүлж байна.

Б.Хүрэлбаатар
Метаког Метрикс – Үүсгэн байгуулагч

YPG хөтөлбөр нь миний хувьд том бүтэцтэй байгууллагаас гараад өөрийн гарааны бизнесээ эхлүүлэхэд маш том нөлөө үзүүлсэн. Ялангуяа өөрийн компаниа эхлүүлээд маш амжилттай явж байгаа хүмүүсийн түүх сонсох, өөрт авч болох зүйлүүдийг тодорхойлон суралцах, мөн яг нэгэн зэрэг компаниаа эхлүүлээд явж байгаа ментий нартайгаа харилцаа холбоо тогтоож бие биедээ туслаад явах нь надад үлдэж буй маш үнэ цэнтэй зүйл юм. Хөтөлбөрт зарцуулж байгаа цагтаа хэзээ ч харамсахааргүй тийм үнэ цэнийг өгдөг учраас цаашид олон олон залуус энэ хөтөлбөрт хамрагдаасай гэж хувьдаа хүсэж байна.

Г. Билгүүн
Pexar International LLC – CEO

Өөрийн карьерт шийдвэр гаргаж шинэчлэл хийсэн яг тэр эргэлтийн цэг дээрээ энэ хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Бизнесийн салбарт, тэр дундаа менежментийг онол, практикийн аль аль түвшинд хослуулсан Ө.Ганзориг захирлын ментийгээр сонгогдож бүтэн жилийн турш суралцлаа. Цаг тохирч цөөн хэдэн асуулт асуугаад л менторынхоо цагийг дэмий үрээд өнгөрөлгүй, хэн хэндээ үр дүнтэй, үнэт зүйлтэй хоёр талт харилцаа үүсгэх чухал тул бид зөвхөн тодорхой цагт баригдалгүй зохион байгуулсан арга хэмжээнүүдэд нь өөрөө төдийгүй хамт олноо оролцуулж, хүрээллээ тэлж, бүр чөлөөт цагаараа хүртэл найзуудын хамт зуны туршид заал авч эрүүл чийрэг биеийг хамтдаа дэмжиж байсан. Хэдийгээр өөр өөр салбарийн хүмүүс ч гэсэн миний урд тулгарсан асуудал бүр ялангуяа менежментийн түвшинд шийдвэр гаргахад, ментор маань аль хэдийн тэр бүгдийг туулж өнгөрсөн, одоо ч туулаад шийдэл хайгаад явж байгаа учраас, асуудлыг том зургаар харж зөвлөдөг нь надад эрсдэлээ даатгуулчихсан мэт байсан.  Ментортойгоо цаашид ч олон ажлууд дээр хамтрахаар ярилцаж байгаа бөгөөд нэг жилийн хөтөлбөр маань насан туршийн харилцаа болсон гэж хэлнэ.

Б.Гарамжав
Худалдаа Хөгжлийн Банк – Стратеги төлөвлөлтийн менежер

Зөвхөн ментортойгоо харилцаж, зөвлөгөө авахаас гадна хөтөлбөрийн бусад менторуудтай уулзалт хийж, олон талын үзэл бодолтой танилцах боломж олдсон нь хөтөлбөрөөс онцлох туршлага байсан. Хамгийн сонирхолтой нь менторуудын туулсан түүх болон карьерын замналууд харилцан адилгүй тул тэдгээрийн хуваалцсан зөвлөгөө, илэрхийлсэн санаанууд хоорондоо ер давхцахгүй бууж байсан. Түүнчлэн үндсэн ажлын хажуугаар “вакум” орчноосоо түр холдож, шинэ салхиар өөрийгөө сэлбэх боломжийг YPG хөтөлбөр надад олгосон. Тухайлбал, хөтөлбөрт хамрагдсан бусад ментее нарын хийж буй “урам авмаар” ажлууд намайг зоригтойгоос гадна хөрсөн дээрээ бууж сэтгэх сэдлийг өгсөн юм. Цаашид зөвхөн хөтөлбөрийн хугацаанд хязгаарлагдахгүйгээр ментор болон ментее нартайгаа холбоотой байж, ганцаараа үүсгэж чадахгүй шинэ боломжийг харилцан бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Б. Тамир
Pinecone LLC – Маркетер

YPG хөтөлбөрийн хүнд өгдөг хамгийн чухал зүйл бол Network юм. Ер нь аливаа хүн хүрээллийнхээ хэрээр хөгжиж, хязгаарлагддаг гэдгийг надад дахин нэг баталсан. Нэмэлтээр ажиллаж, амьдрахдаа баримтлах зарчим, Монголын зах зээлийн бодит нөхцөл байдал, мэдээлэл гээд ойлгосон нарийн чухал мэдлэгүүдийг дурдаад байвал дуусахгүй. Залуу мэргэжилтнүүдийн хувьд 2-5 жил ажилласны дараагаар тодорхой хэмжээний хөгжлийн завсар үе буюу гацалтад ордог. Энэ үед зааж, зөвлөх хүмүүс их хэрэгтэй болдог юм байна лээ. Ялангуяа манай улсад нарийн мэргэжлийн болон карьер зөвлөгөө авах боломж их хомс юм шиг санагддаг. Тиймээс хэрэв та өөрийгөө дээр дурдсан үе дээрээ явж байгаа гэж харвал заавал оролдож, өргөдлөө явуулах хэрэгтэй.

Эцэст нь энэ хөтөлбөрийн үр шим зөвхөн нэг жилээр хязгаарлагдахгүй. Дараа жилийн элсэлт гээд маш олон залуус нэгдэж, хамтарсаар байх болно. Өөрөөр хэлбэл насан туршийн Network гэж ойлгох хэрэгтэй. Мөн бид үргэлж эндээс сурсан мэдлэгээ бусдад түгээнэ. Тэгэх нь ч бидний нэг зорилго юм. Хэрэв та миний YPG хөтөлбөрөөс сурсан илүү нарийн зүйлсийг уншихыг хүсвэл доорх линк дээр дарахад болно.

Хөтөлбөрийн оролцогчдоос авсан сэтгэгдлийг нэгтгэн дүгнэхэд нийт 13 ментийгийн 42% нь маш сайн, 33% сайн, 16% дунд хэмжээнд ментортойгоо харилцаа тогтоосон. 1 жилийн хугацаанд хэрэгжихэд 75% нь менторын өгсөн зөвлөгөө оролцогч нарын ажил, карьерт маш үр дүнтэй байсан. Нийт оролцогчдын 50% нь 5-6 удаа, 16% нь 7-10 удаа, 32% нь 10 дээш удаа ментортойгоо ганцаарчилсан уулзалт хийсэн. Харин хөтөлбөр дууссаны дараа 83% нь ментортойгоо үргэлжлүүлэн холбоотой байж зөвлөгөө авсаар байна гэж хариулсан байна. Эцэст нь 100%-ийн саналтайгаар хөтөлбөрийг маш өндөр үр өгөөжтэй гэж үнэлсэн ба цааш найз нөхөд, хамт олондоо санал болгоно хэмээн хариулжээ.

Түүнчлэн 2021-2022 оны оролцогчдын 30 хувь нь байгууллага дотроо албан тушаал дэвшиж, 20 хувь нь сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон бол 15 хувь нь бизнесийн хүрээнд хөрөнгө оруулалт татаж, шинэ хамтрагч, шинэ бизнесийн бүтээгдэхүүн гаргасан байна.


Others