Back

“Би ба Бодол” сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом худалдаанд гарлаа.

December 2, 2022

“Би ба Бодол” сэтгэл зүйн хөгжөөнт тоглоомын тухай:

“Би ба Бодол” тоглоом нь тоглогчдын дотоод сэтгэлийг нээж өөрийгөө таньж мэдэх, мөн хайртай дотны хүмүүстэйгээ дотносоход туслах зориулалтай тоглоом юм. Тоглоом маань “цэнгэн хөгжилдөх”, “бодол мэдрэмжээ хуваалцах”, “өөрийгөө хайрлах” гэсэн гурван төрлийн 90 ширхэг карттай. Зөвхөн нэг удаа тоглоод өнгөрөх биш, тогтмол давтамжтай тоглох зориулалттай бөгөөд урт хугацаандаа тухайн хүний сэтгэлзүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлөх үр дүнтэй юм. Энэхүү тоглоомыг 2-6 хүн тоглоход тохиромжтой. 

Яагаад сэтгэлзүйн эрүүл мэнд гэж?

Сэтгэлзүйн эрүүл мэндийг дэлхий даяар маш эрчимтэй анхаарч эхэлж байна. Ялангуяа Ковид-19 цар тахлын дараагаас эхлэн сэтгэлзүйтэй холбоотой эмгэгүүд ихсэж, өвчтөнүүдийн нас улам залуужиж байгаа. Сэтгэлзүйн эрүүл мэнд нь урьдчилан сэргийлэх ба эмчилгээ гэсэн хоёр үндсэн чиглэлээр явагддаг. Монгол улсын хувьд сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээ өгдөг байгууллагууд байгаа ч хүн хүчний хувьд хомс, хүрэлцээ багатай байдаг. Сэргийлэх төрлийн үйлчилгээ, боловсролын байгууллагууд бүр ч хомс.

Бидний тоглоом нь сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар ярих, хуваалцах, ойлголт авах боломжийг аль болох олон хүнд хүргэх гэсэн шийдэл юм. Нэг сэтгэл заслын эмч нэг жилд дунджаар 15-25 өвчтөн үздэг гэсэн судалгаа байдаг. Учир нь нэг өвчтөнтэй долоо хоног бүр уулзаж, хамгийн багадаа 6 сарын хугацаатай үйлчилгээ үзүүлэх жишигтэй байдаг. Харин манай тоглоом нь сэтгэл заслын эмч, байгууллага шаардагдахгүйгээр хувь хүн өөрөө өөртөө цаг гарган сэтгэлзүйдээ анхаарах боломж олгож байгаа юм. 

Өөрийн сэтгэл санааг уудалж эмоцоо бусадтай хуваалцах нь сэтгэлзүйд эерэг нөлөөтэй гэдэг нь судалгаагаар батлагдсан. Хайртай хүмүүстэйгээ цагийг халуун дулаанаар хамт өнгөрүүлэх нь окситосин, серотонин зэрэг сэтгэл ханамжийн мэдрэмжүүдийг төрүүлдэг. Тиймээс бидний гаргаж буй тоглоом нь сэтгэл санаагаа дээшлүүлэх, сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарах, стресс уур бухимдал зэрэг сэтгэлзүйн асуудлуудаас урьдчилан сэргийлэх үндсэн үр дүнтэй юм. 

Глобал Шэйпэрс Улаанбаатар Нийгэмлэгийн тухай:

Глобал Шейперс Нийгэмлэг нь Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх залуусын байгууллага юм. Манай байгууллага нь нийгэмдээ харилцан яриа, үйл хэрэг, өөрчлөлтийг дагуулах зорилготой. Шейперс нь хот бүрнээ Нийгэмлэг үүсгэн орон нутаг, бүс нутагтаа хийгээд дэлхийд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр хамтран ажилладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудаснуудаас авна уу. www.globalshapers.mn; www.globalshapers.org 

Төслийн үр дүн

Би ба Бодол нь 100% ашгийн бус төсөл юм. Глобал Шейперс нь 2019 оноос хойш сэтгэл зүйн салбарт тулгарч буй мэдээллийн дутмаг байдал, хүний нөөцийн хомсдол зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Уг тоглоомын борлуулалтын ашиг Монгол улс дахь нийгэм-сэтгэлзүйн салбарын цогц судалгаанд зориулагдана. Хүн амын сэтгэлзүйн байдал, сэтгэл заслын эмчилгээний үр дүн, сэтгэлзүйн талаарх залуу үеийн үзэл бодол зэрэг сэдвээр судалгаа хийж нийтэд судалгааны үр дүнгээ таниулах юм. Ингэснээр нийгэмд Raise Awareness буюу сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх зөв ойлголт, эерэг хандлагыг түгээх зорилготой байна. Бид олж мэдсэн судалгааны үр дүнгээ бүтээлч, шинэлэг, сонирхолтой арга барилаар олон нийтэд хүртээмжтэйгээр хүргэхээр ажилласаар байх болно. 


Others